Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохгүй
2025-12-02 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025/ДШМ/28

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 04 дүгээр сарын 23

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болоогүй шийдвэр

Иргэн Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Х-г толгойн тус газар нь модон сандлаар цохиж алсан гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүх “шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэргийг үйлдсэн байна” гэж дүгнэн шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 (нэг зуун тавин нэгэн сая найман зуу мянга) төгрөгийг нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүн Д.Л-д олгохоор шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд “...нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг хэрхэн арилгах талаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тодорхой тусгаж, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулиар тогтоосон учир амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохгүй” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Магадлалыг бүрэн эхээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/22253?daterange=2025-01-01%20-%202025-06-02&id=2&court_cat=2&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам