ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НЭГЭНТ ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦАА ҮҮССЭН ТОХИОЛДОЛД АЖИЛГҮЙ БАЙСАН ГЭХ ХУГАЦААНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ДАВХАРДУУЛАН ОЛГОХГҮЙ
2025-12-02 Админ Хандсан тоо: 45 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн дугаар: 225/МА2025/00029
Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 07 дугаар сарын 02
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр
Иргэн “М” нь “Х” ТӨХК-ийн ТУЗ-д холбогдуулан 43 сар ажилгүй байсан хугацааны цалин 91,603,932 төгрөг нэхэмжилсэн.
Анхан шатны шүүх “өмнө нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Х” ТӨХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “М”-д олгохоор шийдвэрлэсэн тул шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд “шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаандаа нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, улмаар тус газраас нь тэтгэвэр олгож эхэлсэн учир түүнд мөн хугацааны цалин олгох үндэслэлгүй” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Магадлалыг бүрэн эхээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/34057?daterange=2025-01-01%20-%202025-09-03&id=2&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам