МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ БОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЭРХТЭЙ
2025-10-29 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/ШШ2025/0027

Шийдвэрийн төлөв:: Шүүхийн хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын огноо: 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

 Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

      Нэхэмжлэгч “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

     Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгож буй эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг холбогдох этгээдүүдэд олгох бүрэн эрхийг эдэлдэг бөгөөд концесс эзэмшигч концессын гэрээний дагуу шилжүүлж авсан төрийн өмчийг эзэмшиж, ашиглахдаа хууль болон гэрээг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нь “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцална” гэж хуульд заасан байна.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь хуульд заасан бүрэн  эрхийн хүрээнд “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол гаргасан байх тул маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэгч “Кью Эс Си” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Оюунгэрэл