Нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан этгээд нь өмчлөлдөө авах давуу эрхтэй
2025-10-24 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.04.07, 319/ШШ2025/00185

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.

Хариуцагч С.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн малчин хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газраа 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Д.Ц-д 1,500,000 төгрөгөөр худалджээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь өөр аймагт оршин сууж байсан учир худалдан авсан газар дээрээ хашаа хатгаагүй, хариуцагч С.Ц-ээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй байна. Харин газрын үнэ 1,500,000 төгрөгийг тухайн үедээ бүрэн төлсөн бөгөөд амаар харилцан тохиролцсон байна.

Гэтэл хариуцагч С.Ц нь 2023 онд эзэмшлийн газартаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан уг газраа 2024 оны 01 дүгээр сард гуравдагч этгээд Т.Ч-д 1,500,000 төгрөгөөр худалджээ.

Гуравдагч этгээд Т.Ч нь нэхэмжлэгч Д.Ц-ээс худалдан авсан газартаа хашаа хатгаж, хувийн сууц барьж, өмчлөх эрхийн гэрчилгээг нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч, амьдарч байгаа.

Нэхэмжлэгч Д.Ц нь 2024 оны хавар худалдан авсан газар дээрээ хашаа хатгахаар ирэхдээ хариуцагч С.Ц нь газрыг давхардуулан гуравдагч этгээд Т.Ч-д худалдан борлуулсныг мэдсэн.

Улмаар нэхэмжлэгч Д.Ц нь эхэлж худалдан авч, үнийг төлсөн гэх үндэслэлээр хариуцагч С.Ц-д холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахад хариуцагч С.Ц нь газрын үнэд төлсөн 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц-д буцаан төлөхөө илэрхийлсэн.

Гуравдагч этгээд Т.Ч нь хариуцагч С.Ц-г өмчлөлийн газраа нэхэмжлэгч Д.Ц-д худалдан борлуулсныг мэдээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан учраас худалдан авсан гэж тайлбарласан.

Худалдагч нэг эд хөрөнгийг өөр өөр этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хэн нь өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхтэй байх эсэх нь хэргийн оролцогчийн маргааны зүйл болсон.

Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй./Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг/

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Ц нь газрыг худалдах, худалдан авах гэрээг түрүүлж хийсэн боловч гуравдагч этгээд Т.Ч нь тухайн газрыг түрүүнд эзэмшилдээ авсан байх тул газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.Ц нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэж үзвэл уг хохирол, төлсөн газрын үнийг  хариуцагч С.Ц-с гаргуулахаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан.

 

 

Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат