ЗАХИАЛАГЧААС ҮЛ ХАМААРАХ ШАЛТГААНААР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРГҮЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАХ БОЛОМЖГҮЙ
2025-10-17 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах

Шүүхийн магадлалын огноо, дугаар: 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 221/МА2025/0153

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоолоор 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг батлахыг даалгах”-аар маргажээ.

Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд тендер шалгаруулалт явагдах боломжгүй юм.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах, тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрхийг хуулиар олгосны дагуу тухайн дүүргийн орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулж, сургуулийн барилга барих төсөвт өртгийг хассан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “...маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороонд хууль журамд заасны дагуу зөвлөмж гаргаж, уг тендерт “А” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлах эсэхийг шийдвэрлэхийг тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Үүнийг давж заалдах шатны шүүхээс санхүүжилтийн эх үүсвэргүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “тендер шалгаруулалт” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер хүлээн авах, нээх, хянах үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах зэргээр аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул шүүхээс дахин тендер шалгаруулалт зарлахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн магадлалыг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/8588?daterange=2025-01-01%20-%202025-06-10&id=2&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа