СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ШҮҮХЭД ХАНДАХЫН ӨМНӨ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЬ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ
2025-10-14 Админ Хандсан тоо: 37 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.04.29-ний өдрийн 121/ШЗ2025/0025

Тоймын төрөл:  Процессын тойм

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Иргэн Э газрын дуудлага худалдааны ялагч болж, ялагчийн гэрээ байгуулж, газрын үнийг төлж барагдуулсан боловч сумын Засаг дарга нь захирамж гаргаж баталгаажуулж өгөхгүй байгаа байсан тул газар эзэмшүүлэх захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргажээ.

Газрын тухай хуульд дуудлага худалдааны зарчмаар газар эзэмшүүлэх харилцааг хуульчилж, хэрэв эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар иргэн болон Засаг даргын хооронд маргаан гарсан тохиолдолд тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга нь шийдвэрлэхээр тусгайлан заасан байдаг.

Тодруулбал, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийг зөрчсөн эсэх, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаарх иргэний гомдлыг /маргааныг/ түүний дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймээс нэхэмжлэл гаргагч нь тухайн маргаантай асуудлаарх гомдлоо аймгийн Засаг даргад албан ёсоор бичгээр гаргаж шийдвэрлүүлэх боломжтой учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Харин иргэний тухайн гомдлыг аймгийн Засаг дарга нь хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, эсхүл сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг