ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хариуцагч алданги төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй
2025-10-07 Админ Хандсан тоо: 92 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 213/МА2025/00004
Шийдвэрийн төлөв- Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: №4, 2025.01.24
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Нэхэмжлэгч Ө ХК нь шүүхэд “… манай компани 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 22/29 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хариуцагч С ХХК-тай байгуулж, 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 147.362 тонн 451,675,580 төгрөгийн үнэ бүхий арматурыг зээлээр худалдсан. Хариуцагч гэрээний үүрэгт 207,840,680 төгрөгийг төлж, үлдэх 243,834,900 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар төлөгдөөгүй арматурын үнэ 243,834,900 төгрөгийг, алданги 121,917,450 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү…” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С ХХК нь “…төлөгдөөгүй арматурын үнэ 243,834,900 төгрөгийг төлнө, харин алданги 121,917,450 төгрөгийг төлөхгүй, алдангийн гэрээг бичгээр байгуулах ёстой тул хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүлээн зөвшөөрөхгүй…” гэж маргажээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэрээний үүрэгт арматурын үнэ 243,834,900 төгрөгийг, алданги 121,917,450 төгрөгийг, нийт 365,752,350 төгрөгийг хариуцагч С.ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,986,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,986,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:” …талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ний өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч тал С ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан захирал гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул үндсэн төлбөрт 243,834,900 төгрөгийг төлнө, харин алданги 121,917,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал гэрээний зүйл болох арматурыг тоо хэмжээгээр худалдан авагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч арматурын тодорхой хэсгийн үнийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, уг гэрээний 2.2.2-т “...худалдан авагч тал гэрээний 2.2.1-д заасан хугацаанд төлбөрийг бүтэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн нэг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч үндсэн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд байгуулсан гэрээнд С ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан захирал гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргах боловч энэ талаар анхан шатны шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй атлаа эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнээд хариуцагч С ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
- Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаар шийдвэр
Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг