Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн субъектэд өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон аливаа ажилтныг хамааруулна
2026-07-01 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.05.25-ны өдрийн 2026/ХШТ/53 тогтоол (хэсэгчлэн авав)

Шүүхийн шийдвэрийн тойм: №90 /ЭХТ-30/, 2026.07.01

Төлөв: Хүчинтэй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шүүгдэгч Б нь “М” ХХК-ийн охин компани болох “А” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж ашиг хонжоо олох зорилгоор урьд хамт ажиллаж байсан “Э” ХХК-ийн гэрээт ажилтан Г-тэй тус хуулийн этгээдээс 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар тохиролцож, нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 төгрөгийг хувьдаа шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “А” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч Г нь шүүгдэгч Б-д урьдчилан амлаж, тус гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 төгрөгийг Б болон түүний эхнэрийн дансанд шилжүүлэн өгч гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б болон Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шаардлага хангахгүй хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын прокуророос хяналтын шатны шүүхэд хандан “анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг баримтлан тайлбарласнаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тус гэмт хэргийн шинжид заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэсэн субъектууд нь тус тусдаа ойлголт” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна. Тус заалт нь Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тухайн харилцааг анхдагчаар зохицуулсан бусад салбар хууль болон Олон улсын гэрээний албан ёсны тодорхойлолтоос иш татан тайлбарлах шаардлагыг тогтоосноор эрх зүйн тогтолцооны дотоод зөрчлийг арилгахуйц, шүүхийн шийдвэрийг олон улсын жишигт нийцүүлэх төдийгүй, хуулийг өөрийн үзэмжээр дураар тайлбарлах, төсөөтэй хэрэглэх болон бусдыг хилсээр яллах эрсдэлээс хамгаалах замаар хууль ёсны зарчмыг баталгаажуулсан эрх зүйн чухал баталгаа юм.

Иргэний хууль, Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хуулийн этгээдийн төрөл, зорилго, үйл ажиллагааны чиг үүрэг, удирдлагын бүтцийн онцлогоос хамааруулан тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь хэн болохыг нарийвчлан тодорхойлж хуульчилсан болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох хуулийн этгээдийн “удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэх ойлголт, түүнд хамаарах этгээдийн шалгуур шинж, эрх хэмжээний хязгаарыг дээрх хуулиудад нарийвчлан тодорхойлж, тусгайлан тайлбарлаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенц /UNCAC/-ийн 12, 21, 22 дугаар зүйлүүдэд хувийн хэвшил дэх авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах, хөрөнгө шамшигдуулах гэмт хэргийн зохицуулалтыг тусгасан байна.

Уг конвенцын төслийг хэлэлцэх шатанд хувийн хэвшил дэх авлигын гэмт хэргийн субъектийг бүх түвшний удирдах, гүйцэтгэх ажилтан болон үйлчилгээ үзүүлдэг аливаа этгээд хэмээн нарийвчлан тодорхойлохоор хэлэлцэж байсан боловч, эцэслэн батлахдаа эдгээрийг бүрэн хамруулах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагыг удирдаж байгаа буюу түүнд ямар нэгэн байдлаар ажиллаж байгаа этгээд хэмээн илүү өргөн хүрээнд томьёолж баталжээ.

Эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний практикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах" гэмт хэргийн тусгай субъект болох "удирдах, гүйцэтгэх албан тушаалтан"-ыг тогтоохдоо хэлбэрийн буюу гагцхүү албан тушаалын нэршлээр хязгаарлан дүгнэх нь учир дутагдалтай юм. Харин тухайн этгээдийн хэрэгжүүлж буй чиг үүрэг, шийдвэр гаргах түвшин, эд хөрөнгө захиран зарцуулах бодит эрх хэмжээ буюу функциональ шинжийг үндэслэн тодорхойлох нь материаллаг эрх зүйн хэм хэмжээний агуулгад нийцнэ.

Иймд хуулийн этгээдийн бүтэц дэх албан тушаалын нэрээс үл хамааран, тухайн байгууллагын хөрөнгийг шилжүүлэх, гэрээ байгуулах, худалдан авалт хийх зэрэг зохион байгуулах, захирамжлах болон захиргаа, аж ахуйн шийдвэр гаргах бодит эрх мэдлээ хэрэгжүүлэх явцдаа өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон аливаа ажилтныг эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн субъект буюу гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хууль тогтоогчийн анхны зорилго, хуулийн агуулга болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн тайлбарлаж хэрэглээгүйгээс гадна, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ