ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэргийг нэг тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой
2026-07-01 Админ Хандсан тоо: 26 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.05.25-ны өдрийн 2026/ХШТ/49 дүгээр тогтоол (хэсэгчлэн авав)
Шүүхийн шийдвэрийн тойм: №89 /ЭХТ-29/, 2026.06.30
Төлөв: Хүчинтэй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснээс гадна ганцаараа болон бүлэглэн 80 удаагийн үйлдлээр бусдыг залилж, хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Дээрх нөхцөл байдлын үндэслэн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хяналтын шатны шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн Д.Г, Б.Г нарт холбогдох хэргийг хэлэлцээд, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, дараах дүгнэлтийг хийв.
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох, мөн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэхээр заасан.
Шүүгдэгчийн холбогдсон нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх бүх гэмт хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа өмнө үйлдсэн хэрэг нь илэрч, ижил зүйл, хэсгээр дахин ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал дордохгүй байх ач холбогдолтой.
Энэ нь гагцхүү үйлдсэн хэргүүдээ илчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч этгээдэд мэдэгдэх шүүгдэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос хамаардаг. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч бусад гэмт хэрэг нь илэрч, тогтоогдоогүй тохиолдолд түүнийг нэгтгэн шалгах асуудал огт хөндөгдөхгүй тул хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн, баримт, мэдээллээ гарган өгөх зэргээр шууд бусаар боловч идэвхтэй байр сууринаас дэмжлэг үзүүлсэн байдлыг үүнд хамааруулна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч, шүүгдэгч нь яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд дурдагдаагүй өөр гэмт хэрэг үйлдсэн нь бодитой бөгөөд баримтаар нотлогдсон байх учиртай.
2.Хууль зүйн дүгнэлт, шийдвэр гаргахын тулд түүний үр дүнд нөлөөлөх асуудал бүрийг эцэслэн шалгах, орхигдуулахгүй байх үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан баталгаажуулсан билээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд дурдагдаагүй өөр бусад гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, баримт нотолгоо гарган өгсөөр атал хууль сахиулах байгууллагууд хэргийг нэгтгэлгүйгээр тусад нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн бол хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүгдэгчийн эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзнэ.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанаас давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх үе шатанд хэрэгжих бөгөөд хяналтын шатны шүүхэд “хэрэг нэгтгүүлэх” гомдол гаргасныг хамруулахгүй.
Учир нь, хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх”-ийг хянах хязгаарлагдмал бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх бусад хэргээ нэгтгүүлэх талаар хүсэлт, гомдол гаргаагүй атлаа зөвхөн хяналтын шатны шүүхэд энэ агуулгаар гомдол гаргасан, мөн хэргээ санаатайгаар нуун дарагдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа нэгтгүүлэх хүсэлт гаргасан нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хэргээ илчилсэн гэж үзэхэд хангалтгүй болно.
Дээрх тохиолдолд прокурорын дүгнэлтэд дурдсанчлан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн”-д тооцогдохгүй буюу хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын эрх зүйн үр дагавар, хүчин чадал хэвээр хадгалагдана.
3.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй буюу хэрэг илрээгүй, эсхүл эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн хувьд түүнийг нэгтгэх боломж нь мөрдөгч, прокурорын хязгаарлагдмал боловч яллагдагч нь хэрэг үйлдсэн талаар мэдээлсэн бол түүний дагуу шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.
Тийнхүү өөрийгөө илчилсэн, мэдээлсэн нь бодитой, гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан шалгаж, гэмт хэргийн шинж тогтоогдсон тохиолдолд хэргийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлнэ.
Хэрвээ тухайн хэргийг тусад нь шалган шийдвэрлүүлэх боломжтой, энэ нь хэргийг тал бүрээс бүрэн бодитой шалгаж тогтооход саад учруулахгүйгээс гадна сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаалт дууссан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх ба хэргийг нэгтгээгүй шалтгаан, үндэслэлийг заавал дүгнэнэ.
4.Хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлалаар Д.Г-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайг тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснээс гадна Д.Г нь 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн 80 удаагийн үйлдлээр бусдыг залилж, 583,656,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд дахь шүүгдэгч Д.Г-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал, гаргаж байсан хүсэлтүүдийн агуулга, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, гомдлын агуулга зэргээс үзэхэд прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлээгүй гэмт хэргийг нэгтгүүлэх талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулахад өгсөн мэдүүлэгтээ “санал хүсэлтгүй” гэсэн байх ба мөрдөн байцаалтын явцад гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, шүүхийн шатанд цагдан хоригдож байх хугацаандаа анхан шатны шүүхэд хандаж “хэргийн материалтай танилцах, шинээр өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс татгалзах, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” шаардлага бүхий нийт 15 хүсэлтийг бичгээр гаргасан боловч үүнд хэрэг нэгтгүүлэх талаар огт дурдаагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд Д.Г нь гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон бол давж заалдах гомдолдоо хэрэг нэгтгүүлэх талаар огт дурдаагүйн зэрэгцээ давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч мөн адил гэм буруугийн асуудлаар маргаж оролцож байжээ.
Харин тус хэргээс тусгаарлагдсан хэргийн яллагдагч М.Н-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “... миний үйлчлүүлэгчийн хувьд дээрх үйлдлүүдийг энэ хэрэгт нэгтгэж шийдвэрлүүлэхгүй бол эрх зүйн байдал нь дордоход хүрээд байна ...” гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг Д.Г-ийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.
Д.Г нь өөрт холбогдох бусад хэргээ илчлэн мэдүүлээгүй, гомдол, хүсэлт гаргаагүй байх тул хоёр шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэр гаргасныг “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан